Эрхэм сонгогч Таны энэ өдрийн амрыг эрэн мэндчилье.

Дэлхий дахинаа дэгдээд буй Ковид-19 цар тахлын улмаас Тантай нүүр тулан уулзалт хийх боломж хязгаарлагдаж байгаад харамсалтай байна. Иймээс өөрийн УИХ-д нэр дэвших болсон шалтгаан, эвслийн зорилго, мөрийн хөтөлбөр, ямар шийдэл санал болгож байгаа тухайгаа сонгогч Танд үүгээр танилцуулж байна.

УИХ-ын сонгуулийн 22-р тойрогт Зөв ХҮН Электорат эвслээс нэр дэвшигч Гончигдоржийн Уянгахишиг.

Миний намтар

МИНИЙ УИХ -Д НЭР ДЭВШИХ БОЛСОН ШАЛТГААН, ТҮЛХЭХ ХҮЧ ЮУ БАЙВ?

Бид ХҮМҮҮНЛЭГ, ИРГЭНИЙ АРДЧИЛСАН НИЙГЭМ цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон Үндсэн хуулиа тунхагласан.
Гэтэл өвлийн хүйтэнд гудамжинд нулимс, айдас хурсан нүдээр эргэн тойрноо харан горьдлого өвөрлөн суугаа жаахан хүүг хараад миний зүрх шимширдэг. Таны, миний хүүтэй адил тэр бяцхан хүү яагаад ингээд хаягдчихсан юм бэ? Төр хүүхдийн мөнгө, халамжийн мөнгө тараагаад үүнийг шийдэж чадаж байна уу?

Энэ ХҮМҮҮНЛЭГ НИЙГЭМ мөн үү?

Хар залуугаасаа ажил, хөдөлмөр эрхэлж, тасралтгүй нийгмийн даатгал төлчихөөд, тэтгэвэр нь хаанаа ч хүрэхгүй гундуухан яваа одон медалиа зүүсэн буурайгийн өмнө, насаараа эрүүл мэндийн даатгал төлчихөөд эмнэлэгт үзүүлэх мөнгөгүй өвчиндөө шаналж хэвтэх настангийн өмнө миний толгой гудайдаг. Үүнийг тэтгэврийн, даатгалын зөв бодлого гэх үү?

Энэ ИРГЭНИЙ АРДЧИЛСАН НИЙГЭМ мөн үү?

Нойр, хоолоо хугаслан босгосон бизнес нь өр, зээлээ төлж дийлэхгүй өвдөг сөхөрч байхад НАМ дагасан танил нь ЖДҮ сангийн зээлээ хүүлж суухыг харах харамсалтай байна. Мэдлэг, чадвараараа өрсөлдөн төрийн албанд зүтгэж буй залуу үзэл бодолдоо үнэнч байсны төлөө ажлаасаа халагдахыг харах надад хайран байна.

Энэ ШУДАРГА ЁС мөн үү?

Эдгээр асуултанд бид ҮГҮЙ гэж хариулна. Харин бид үүнийг засаж өөрчлөх ЗӨВ БОДЛОГО хэрэгжүүлэхээ амлаж байна. Төрийн бодлого цогц, тогтвортой байх ёстой. Асуудлыг харагдах шинж чанараар нь түр зуурт шийдэх популист аргаас татгалзаж мөн чанарыг нь таньж сууриар нь шийдэх төрийн бодлого үгүйлэгдэж байна. Ийм бодлого хэрэгжүүлэх мэргэшсэн чадварлаг албадтай төрийн албаны зөв бүтэц дутагдаж байна.
Энэ үгүйлэгдэж, дутагдаж байгааг засаж залруулах бодлого тодорхойлон хэрэгжүүлэхэд мэдлэг чадвар, чин сэтгэлээ дайчлан оролцохоо амлаж, би “Зөв ХҮН Электорат” эвслээс УИХ-д нэр дэвшиж байна. Таны итгэлийг дааж, ёс зүйтэй ЗӨВ ХҮН байж, амлалтаа хэрэгжүүлэх болно.

МӨРИЙН ХӨТӨЛБӨР

“ЗӨВ ХҮН-Электорат” эвсэл нь Монгол оронд сүүлийн жилүүдэд үүссэн ардчиллын болон тогтолцооны гажуудлыг засч, үндэсний язгуур эрх ашиг, түүх соёл, уламжлал, эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, дэлхийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хүний хөгжил, хууль ёс, шударга ёс, нийгмийн ардчиллыг дээдэлсэн хүмүүнлэг, аз жаргалтай нийгмийг цогцлоон байгуулах зорилгоор, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны зорилтыг ханган биелүүлэх хүрээнд, нотолгоонд суурилсан судалгаанд үндэслэн энэхүү мөрийн хөтөлбөрийг боловсруулав.

Г.Уянгахишигийн тухай тэд юу гэж хэлэв?

Вэб сайтыг хийсэн: Маркетинси.